Зуу Удын чуулган
Зуу Удын чуулган (монгол:ᠵᠤᠤ ᠤᠳᠠ ᠶᠢᠨ
ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ; хятад: 昭烏達盟, пиньинь: Zhāo wū dá méng) бол Манж Чин улсын үеийн Өвөр Монголын зургаан чуулганы нэг. Тухайн үед Оннигудын зүүн гарын хошууны Зуу Уд гэдэг газар чуулган чуулдаг тул Зуу Удын чуулган гэж нэрлэжээ. Одоогийн Өвөр Монголын Улаан хад хотын нутаг дэвсгэрийг бүрэн хамарч байжээ. Энэ чуулган нь зүүн, зүүн хойд талдаа Жирэмийн чуулган, хойд талдаа Шилийн голын чуулган, баруун талаар Цахар найман хошуу, өмнө талдаа Зостын чуулгантай тус тус хаяалж байсан.
Чуулганы бүтэц
[засварлах | кодоор засварлах]Зуу Удын чуулганд дараах хошуу багтаж байсан. Үүнд:
- Найман хошуу
- Аохан хошуу
- Баарин баруун хошуу
- Баарин зүүн хошуу
- Жарууд баруун хошуу
- Жарууд зүүн хошуу
- Хишигтэн хошуу
- Онниуд баруун хошуу
- Онниуд зүүн хошуу
- Ар Хорчин хошуу
- Халх зүүнгарын хошуу зэрэг 11 хошуу харьяалагдаж байжээ.
Эдгээр хошууг захирсан засаг ноёд бүгд Чингис хааны дүү нар, үр хойчис, удам угсааныхан болно. Батмөнх Даян хааны ач Боди Алаг хааны дүү Эмлиг тайжийн ач Түжин дуралын удам Аохан хошуу, Түжин дуралын дүү Эсэн үйзэний удам Найман хошууны ноёд болой.
Батмөнх Даян хааны тавдугаар хөвгүүн Алчуболдын ач Убаши үйзэн ноёны удам Жарууд, Убаши үйзэнгийн дүү Субухай дарханы удам Баарин хошууны засаг ноёд болов. Батмөнх Даян хааны зургаадугаар хөвгүүн Очирболдын удам Хишигтэн хошууны ноёд болсон.
Хавт Хасарын үр хойчсын нэгэн салаа нь Ар Хорчин хошууны ноёд болсон бол Отчигин ноёны үр хойчис нь Онниуд зүүн, баруун хошууны ноёд болжээ.
Халхын Засагт хан аймгийн Шолой убаши хунтайжийн гуравдугаар хөвгүүн Гомбо-Илдэн ноён дотоодын үймээнээс зайлж Энх амгалан хааны гуравдугаар онд (1664) Өвөр Монголд ирж Манжийг дагасанд Халхын зүүн гарын хошуу хэмээн нэрлэж засаг өргөмжлөн Зуу Удын чуулганд харьяалуулжээ.[1]